“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Боловсролын яамны Дээд боловсролын газрын санаачилга, төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АШИГЛАЛТ, ТҮҮНИЙ САНХҮҮЖИЛТ, ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

  

Энэхүү арга хэмжээнд Боловсролын яамны Дээд боловсролын газрын шинжээч Д.Баттогтох, мэргэжилтэн Э.Чойсүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухааны бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Мөнхтуяа, ахлах мэргэжилтэн Б.Туул, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Э.Энхпүрэв, Шинжлэх ухаан, технологийн сангийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Л.Тогтохбуян,  Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга, Төрийн 6 их сургуулийн Ректорууд, Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан проректорууд, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн төлөөлөл, Их дээд сургуулиудын номын сангуудын захирал, багш, ажилтнууд зэрэг 22 байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцсон байна.

    

Хэлэлцүүлгийг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Ректор Т.Намнан нээж үг хэллээ.

Үндсэн илтгэгчээр:

  • Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Төрийн өмчийн их сургуулийн номын сангуудын цахим мэдээллийн сангийн өнөөгийн байдал, хамтран ашиглах боломж” сэдвээр,
  • Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал “ШУТИС-ийн номын сангийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, туршлага” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

  

  

Хэлэлцүүлгийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар удирдаж “Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдвийн хүрээнд Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл, Шинжлэх ухаан технологийн сангийн удирдлага, Их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан проректорууд, номын сангийн зарим удирдлагууд санал солилцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, холбогдох төрийн байгууллага болон их, дээд сургуулиудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

  

  

 

 

 

Зохион байгуулагч.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

 

Хамтран зохион байгуулагч:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

ХӨДӨӨ АХ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛ УРЛАГЫН ИХ СУРГУУЛЬ